Монгол Соробан Танилцууга
soroban holboo banner
facebook

Соробан гэж (2)

Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн
2011 оны эрдэм шинжилгээний бага хурал

Монголын Япон Судлалын Нийгэмлэг 2011 оны эрдэм шинжилгээний бага хурлаа “Японы боловсролын тогтолцооны уламжлал, шинэчлэл” сэдвээр 2011 оны 6 дугаар сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын тусгай илтгэлийг МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн багш, доктор С.Долгор “Японы боловсрол дахь хэлний асуудалд”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор Ц.Пүрэвсүрэн “Японы боловсролын агуулга” сэдвээр тус тус илтгэв.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Пүрэвжав “Монголын Нууц Товчоон судлалд Шигэо Озавагийн оруулсан хувь нэмэр”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Сэржав “Япон улсын хүний хөгжлийн бодлогын уламжлал шинэчлэлийн асуудал (Ёс суртахууны сургалтын жишээгээр)”, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн багш, доктор С.Баттулга “Япон дахь этникийн боловсролын чиг хандлага”, Соёл Эрдэм дээд сургуулийн багш, доктор А.Дэлгэрмаа “Хэлцийг орчуулах арга, зарчмын тухай (Япон, монгол хэлний жишээн дээр)”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Болормаа “Японы “жюкү” буюу хичээлээс гадуурх сургалтын тухай”, Монголын сорабан сампингийн холбооны багш Т.Ундаръяа “Соробан гэж юу вэ” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй энэхүү дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэд судлаачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг явуулсан нь ач холбогдолтой боллоо. Тус хурлын материалыг эмхэтгэж уншигчдын хүртээл болгох юм.

Уг хуралд МССХолбооны багш Т.Ундаръяа “Соробан гэж юу вэ” гэсэн танилцуулга илтгэлийг тавьсан бөгөөд энэхүү илтгэлийг та бүхэнд толилуулъя.

Соробан гэж юу вэ?
(Танилцуулга илтгэл)

Илтгэгч: Монголын соробан сампингийн холбооны багш Т. Ундаръяа                                                                         
(Япон хэлний багш, орчуулагч. Монголын радиогийн Япон хэлний редакцийн орчуулагч, редактор. Олон улсын математик, соробангийн холбооны Японы хорооны соробан заах эрхийн дипломтой. Японы соробангийн холбоо, Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын соробангийн түвшин тогтоох хамтарсан шалгалтанд орж, 3-р кюү (3-р зэрэг) авсан)

Соробан хэмээх нэрийн учир
Монголчууд бидний сампин гэж нэрлэдэг, нарийхан голоор нь эрх гүйлгэн тоо боддог хэрэгслийг хятадаар суаньпан, англиар абакас (abacus), японоор соробан, оросоор счёты (шёты) гэж нэрлэдэг. Монгол хэлний сампин гэдэг нэр бол хятад хэлний суаньпан гэсэн нэр бөгөөд сауньпан гэдэг нэрийг монгол хүн хэлж дуудахдаа эвтэйхэн болгож сунжруулж хэлсээр байгаад сампин болгосон бололтой.

Англи хэлээр сампинг абакас гэж нэрлэдэг гэж дээр дурдсан. Энэ нэрийн уг гарвалыг хөөвөл, Эртний Грекэд Нийтийн тооллоос өмнөх IV зууны үеэс тавиур дүүргэсэн элсэн дээр тоо бичиж боддог байснаа, сүүлдээ, хавтгай зүйл дээр чулуу зэрэгцүүлэн тавьж тоо боддог болсноос энэхүү абакас буюу “тоо бодох хавтан, хөлөг” гэсэн нэр үүссэн ажээ.

Хятадын суаньпангийн хувьд, хэдийгээр Нийтийн тооллын 190 оны орчимд суаньпангаар тоо бодож байсан гэсэн мэдээ зарим түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн гэгддэг боловч орчин үеийн хятад суаньпан XII зууны үед үүсч бий болсон байна.

Харин Оросын счёты нь XV – XVI  зууны үед үүссэн бөгөөд энэ нэр нь “тоолох, тооцоо бодох” гэсэн утгатай орос хэлний үйл үгээс үүссэн нэр үг юм.

Соробан гэж юу вэ?

Written by Monday, 28 April 2014 21:39

Соробан гэдэг бол монголчууды бидний хэлж заншсан сампин бөгөөд бөөрөнхий эрхийг нь нааш цааш болгон тоо боддог хэрэгсэл билээ.
Таван зуу орчим жилийн түүхийнхээ явцад Японы соробан нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх “тооцоолон бодох соёл” болтлоо хөгжин өөрчлөгдөж иржээ.

Монголчууд бидний хэлж заншаад байгаа сампин гэдэг нэр нь хятад хэлний суаньпан (“тоо бодох хавтан” гэсэн утгатай) гэдэг нэр бөгөөд япон хэлэнд ч энэхүү суаньпан гэдэг нэр сунжран дуудагдсаар соробан болж орж иржээ. Өөрөөр хэлбэл, соробан болон сампин гэдэг нь суаньпан хэмээх хятад нэрний бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар, сампин нь Хятадаас Японд таван зуугаад жилийн өмнө буюу XVI зууны эхнээс нэвтрэн орж ирсэн юм. Хятад сампин нь нэг талдаа 5 эрхтэй, нөгөө талдаа 2 эрхтэй байдаг бол япончууд энэхүү суаньпанг боловсронгуй болгон нэг талдаа 4, нөгөө талдаа 1 эрхтэй болгон өөрчилж өнөөгийн боловсронгуй соробанг бий болгосон байна. Орчин үед тооны машин, компьютер зэргийг ашигладаг болсноор хүмүүс ямар нэгэн хэмжээгээр буруу хариугаас бултах, сэтгэн бодох үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох, хүн гэдэг сэтгэдэг “амьд организм”-ын өөрөө бодож шийдэх үндсэн чадвар алдагдах гэх мэтээр хүний уураг тархины үйл ажиллагаа сульдан доройтох болсон байна. Ийм учраас Японд соробан сампингийн хичээлийг сургуулиудад сэргээн оруулах болжээ. Хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх”, “тэвчээртэй байх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад соробан асар их нөлөө үзүүлдэг. Аль болох бага наснаас нь, өөрөөр хэлбэл, эрдэм мэдлэгийн үндэс тавигдаж байгаа, насан туршийн дадал дүй төлөвшин тогтож байгаа, хүний оюун ухааны үйл ажиллагаа бүрэн тогтмолжоогүй (сэтгэн бодох чадвар уян зөөлөн) үед нь хүүхдүүдэд соробан сампинг зааж эхэлбэл тун үр дүнтэй.

Монголд 5 - 15 насны хүүхдэд соробанг заах нь зохимжтой гэж бид үзэж байна. Насанд хүрэгсэд ч, ялангуяа 50-иас дээш насныхан соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай. Япончуудын хэрэглэдэг уламжлалт соробангийн овор хэмжээ нь боломжийн доод хязгаарт тулгасан жижиг байдаг, эрхүүд нь ч жижигхэн. Соробан сампингийн жижиг эрхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөн тоо бодох нь уураг тархинд сайнаар нөлөөлдөг, хуруу гарын мэдрэмжээр дамжуулан уураг тархины эд эсийн үйл ажиллагаа сульдах, ой ухаан доройтон муудахаас сэргийлдэг билээ.

Соробангаар хичээллэхийн ач холбогдол
Хүүхэд залуус оновчтой сургалтын хөтөлбөрөөр, зөв хичээллэх юм бол:

  • тоо бодох, цээжээр бодох чадвар эрс дээшилж, уужуу тайвуу зан төлөвтэй болж, анхаарал төвлөрүүлэх, аливаа ажлыг оновчтой зохион байгуулах мэдрэмж чадвар сууна
  • сэтгэлгээ уян зөөлөн, хөрвөмтгий болно

Жишээ нь: аливаа шийдвэрийг зохих цагт нь гаргаж чаддаг болно, соробангаар хичээллэсэн хүүхэд уураг тархи нь “уян, зөөлөн” болж, тэр нь аливаа шинжлэх ухаанаар хичээллэх сэтгэлгээний хөрс болох буюу өөр бусад шинжлэх ухаан руу шилжин хөрвөх чадварыг эзэмшинэ, гэх мэтээр олон талын ач холбогдолтой билээ.

Дээш гүйлгэх
Доош гүйлгэх