Монгол Соробан Танилцууга
soroban holboo banner
facebook

Япон судлалын хуралд МССХолбооны Т.Ундаръяа багшийн илтгэл

Written by  Published in Соробан гэж Tuesday, 13 May 2014 09:32
Rate this item
(0 votes)
Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн
2011 оны эрдэм шинжилгээний бага хурал

Монголын Япон Судлалын Нийгэмлэг 2011 оны эрдэм шинжилгээний бага хурлаа “Японы боловсролын тогтолцооны уламжлал, шинэчлэл” сэдвээр 2011 оны 6 дугаар сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын тусгай илтгэлийг МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн багш, доктор С.Долгор “Японы боловсрол дахь хэлний асуудалд”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, доктор Ц.Пүрэвсүрэн “Японы боловсролын агуулга” сэдвээр тус тус илтгэв.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Пүрэвжав “Монголын Нууц Товчоон судлалд Шигэо Озавагийн оруулсан хувь нэмэр”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б.Сэржав “Япон улсын хүний хөгжлийн бодлогын уламжлал шинэчлэлийн асуудал (Ёс суртахууны сургалтын жишээгээр)”, МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн багш, доктор С.Баттулга “Япон дахь этникийн боловсролын чиг хандлага”, Соёл Эрдэм дээд сургуулийн багш, доктор А.Дэлгэрмаа “Хэлцийг орчуулах арга, зарчмын тухай (Япон, монгол хэлний жишээн дээр)”, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Болормаа “Японы “жюкү” буюу хичээлээс гадуурх сургалтын тухай”, Монголын сорабан сампингийн холбооны багш Т.Ундаръяа “Соробан гэж юу вэ” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй энэхүү дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэд судлаачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэг явуулсан нь ач холбогдолтой боллоо. Тус хурлын материалыг эмхэтгэж уншигчдын хүртээл болгох юм.

Уг хуралд МССХолбооны багш Т.Ундаръяа “Соробан гэж юу вэ” гэсэн танилцуулга илтгэлийг тавьсан бөгөөд энэхүү илтгэлийг та бүхэнд толилуулъя.

Соробан гэж юу вэ?
(Танилцуулга илтгэл)

Илтгэгч: Монголын соробан сампингийн холбооны багш Т. Ундаръяа                                                                         
(Япон хэлний багш, орчуулагч. Монголын радиогийн Япон хэлний редакцийн орчуулагч, редактор. Олон улсын математик, соробангийн холбооны Японы хорооны соробан заах эрхийн дипломтой. Японы соробангийн холбоо, Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын соробангийн түвшин тогтоох хамтарсан шалгалтанд орж, 3-р кюү (3-р зэрэг) авсан)

Соробан хэмээх нэрийн учир
Монголчууд бидний сампин гэж нэрлэдэг, нарийхан голоор нь эрх гүйлгэн тоо боддог хэрэгслийг хятадаар суаньпан, англиар абакас (abacus), японоор соробан, оросоор счёты (шёты) гэж нэрлэдэг. Монгол хэлний сампин гэдэг нэр бол хятад хэлний суаньпан гэсэн нэр бөгөөд сауньпан гэдэг нэрийг монгол хүн хэлж дуудахдаа эвтэйхэн болгож сунжруулж хэлсээр байгаад сампин болгосон бололтой.

Англи хэлээр сампинг абакас гэж нэрлэдэг гэж дээр дурдсан. Энэ нэрийн уг гарвалыг хөөвөл, Эртний Грекэд Нийтийн тооллоос өмнөх IV зууны үеэс тавиур дүүргэсэн элсэн дээр тоо бичиж боддог байснаа, сүүлдээ, хавтгай зүйл дээр чулуу зэрэгцүүлэн тавьж тоо боддог болсноос энэхүү абакас буюу “тоо бодох хавтан, хөлөг” гэсэн нэр үүссэн ажээ.

Хятадын суаньпангийн хувьд, хэдийгээр Нийтийн тооллын 190 оны орчимд суаньпангаар тоо бодож байсан гэсэн мэдээ зарим түүхийн сурвалжид тэмдэглэгдсэн гэгддэг боловч орчин үеийн хятад суаньпан XII зууны үед үүсч бий болсон байна.

Харин Оросын счёты нь XV – XVI  зууны үед үүссэн бөгөөд энэ нэр нь “тоолох, тооцоо бодох” гэсэн утгатай орос хэлний үйл үгээс үүссэн нэр үг юм.

Хятадын суаньпанг 1500-гаад оны эхээр буюу одоогоос 500 орчим жилийн өмнө япончууд хэрэглэж эхэлжээ. Япончууд Хятадын суаньпанг улам боловсронгуй болгож, өөрсдийн ур ухаанаа шингээн шинэ хэлбэрийг бий болгов. Япон хэлний соробан гэдэг нэр ч энэхүү сауньпан гэдэг нэрийг япончууд сунжруулан дуудаж байснаас үүссэн нэр юм. Суаньпан, соробан ч абакасын адилаар “тоо бодох хөлөг, хавтгай” гэсэн утгатай нэр юм.

Япон хэлэнд бас “эрхээр тоолох” гэсэн утгатай шюзан гэдэг хэллэг байдаг бөгөөд энэ нэрийг албан ёсны баримт бичиг, судлагааны ажил төрөлд хэрэглэж байгаа нь харагддаг. Жишээ нь, Японы соробангийн холбоог Нихон соробан рэммэй гэхгүй Нихон шюзан рэммэй гэж нэрлэдэг. Харин соробан нь ерөнхий нэр болжээ.

Эдгээр тоо бодох хэрэгслүүд буюу үндэстэн бүрийн сампин нь овор хэмжээ, эрхний тоо зэргээрээ харилцан адилгүй, өөр өөрийн онцлогтой. Харин сүүлийн үед дэлхийн олон оронд Японы соробанг мэддэг болж, соробанг хамгийн оновчтойгоор зохион бүтээгдсэн, хүний оюун ухааныг хөгжүүлэн задлагч, түүнчлэн, бага наснаас хичээллэгч хүүхэд залууст анхаарал төвлөрүүлэх, уужуу тайвуу сэтгэх, зөв шийдвэр гаргах зэрэг чадварыг төлөвшүүлдэг “тоо бодож сургах оновчтой заах арга, заах аргын хэрэгсэл” гэж үнэлдэг болж байгаа юм байна. Хүний хөдөлмөр асар ихээр хөнгөвчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн олон оронд, бас Японд ч соробангийн сургалтын ач холбогдлыг “шинээр” үнэлж үзэх хандлага ажиглагдаж байна.

Монголд Монголын соробан сампингийн холбоо байгуулагдан соробанг хүүхэд багачуудад зааж сургаж эхлээд байгаа бөгөөд энэхүү соробангийн нууцаас товчхон танилцуулъя.

Япон хүний тооцоолох мэдрэмж соробангаас эхтэй

Япон хүн аливаа жижиг сажиг, дотор цухалдуулам нарийн мэдрэмж шаардсан ажилд тун дадмаг байдгийг бид мэднэ. Энэ нь Японы уламжлалт соёл болох соробангаар тоо бодох, савх барин хоолоо идэх, гэх мэтийн гар хуруугаа байнга хөдөлгөөнд байлгахыг шаарддаг үйл хөдлөлтэй зарим талаараа холбоотой байж болох талтай. Япон хүн эртнээс л бага наснаасаа савх барин хоолоо идэж, тооны хичээл гэхээр л соробан барин хурууныхаа үзүүрээр эрхийг нь гүйлгэн тоогоо бодон хичээллэж ирсэн бөгөөд өөрсдөө ч анзаараагүй байх зуураа хурууныхаа үзүүрээр маш их дасгал хийж байдаг ажээ.

Япон хүн хятад сампингийн дотоод зохион байгуулалт, тооцоолох холбоос аргыг улам боловсронгуй болгон сайжруулсаар өнөөгийн соробанг бий болгожээ. Хятад суаньпан бол нэг эгнээнийхээ нэг талд 2 эрх, нөгөө талдаа 5 эрхтэй 17 –гоос 23 эгнээ буюу орноос бүрдсэн байдаг бол япончууд энэ зохион байгуулалтыг улам боловсронгуй болгон нэг эгнээ буюу орны нэг талд 1 эрх, нөгөө талд 4 эрхтэй болгон өөрчилжээ. Соробанг сурч байгаа хүүхдүүдийн чадварт тааруулан орных нь буюу эгнээнийх нь тоог тогтоодог бөгөөд соробанг бүрэн ашиглах чадвартай хүн бол 27 болон түүнээс дээш тооны орны соробан дээр тоо боддог. (Жижиг том соробанг жишээ болгон үзүүлэх)

Эрт дээр цагаас л Японд боловсрол гэхээр “ёми каки соробан” (унших бичих соробан) гэж ярьцгаадаг байсан бөгөөд энэ хэллэгээс ч ойлгогдож байгаачлан Японд соробанг “унших, бичих”-ийн нэгэн адилаар хүн юуны өмнө олж авах ёстой суурь боловсролын нэг болох “тооны ухаан” гэж үздэг байжээ. Үнэхээр ч олон зууны туршид япончуудын тоо бодох ухаан, тооцоолох мэдрэмжийн үндэс болсоор ирсэн соробангийн Япон улсын боловсрол, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их билээ.

Тухайн улс орны чадал чансааг хэмжих шалгуур болгож ард түмнийх нь боловсролын түвшинг авч үздэг бөгөөд энэхүү боловсролын дотор “тоо бодох чадвар” ихээхэн жин дарах үзүүлэлт байсаар ирсэн. Япончууд цээжээр бодохдоо бусад үндэстнүүдээс илүү байдаг, япон хүүхдүүд олон улсын математикийн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг зэрэг нь яах аргагүй бага наснаасаа соробангаар хичээллэж ирсний үр дүн гэж бодож байна. Хэдийгээр орчин үед соробангаар хичээллэх нь багасч байгаа ч япончуудын хувьд, ялангуяа өнөөдрийн 50-иас дээш настнууд хэр баргийн тоог цээжээр хурдан бодож чаддаг нь тэдний хувьд онцгой зүйл биш бөгөөд харин хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх”, “ажлаа зөв төлөвлөх”, “шийдвэрийг цагт нь гаргах” зэрэг чадварыг эзэмшихэд соробангийн хичээл онцгой ач холбогдолтой учир сүүлийн үед Японы сургуулиудад соробангийн хичээлийг бага багаар сэргээн оруулж эхлээд байгаа ажээ.            

Соробангаар хичээллэхийн ач холбогдол

Соробангийн хичээлийн үед хүүхдүүд хуруугаараа соробангийн эрхийг хөдөлгөн, нүдээрээ эрхний хөдөлгөөнийг харж нягтлан, тоогоо ухаан санаандаа ургуулан бодно. Түүнчлэн эрхний хөдөлгөөнөөс үүсэх дуу чимээ нь хичээлийг сонирхолтой болгодог.

Соробангаар тоо бодно гэдэг нь гар, нүд, чихээ нэгэн зэрэг ажиллуулан, ухаан санаандаа хариуг нь гаргах гэж буй бодлогоо төсөөлөн бодох үйл явц юм. Соробангийн хичээл гэдэг бол сурагч соробангийн эрхийг хөдөлгөн тоо бодох үйл явц бөгөөд эрхийг нааш цааш гүйлгэн бодох нь ил, ойлгомжтой харагдах учраас үзүүлэн ашиглаж байгаа юм шиг л сонирхолтой сайхан хичээл болдог.

Тооны машины товчлуурыг дарахад л хариу нь гараад ирдэг. Өөрөөр хэлбэл, тооны машинаар тоо бодоход тоо бодож буй үйл явц харагдахгүй байгаа бөгөөд ингэснээрээ хүний тоо бодох чадвар, тооцоолох мэдрэмжийг байнга сулруулж байдаг. Тэгвэл соробангийн хичээлээр бол эрхний нааш цааш болох хөдөлгөөнийг ажиглангаа тоо бодогдох механизмыг ой ухаандаа төсөөлөн, өөрөө хариугаа бодож гаргана. Жишээлбэл, 7 + 8 гэсэн бодлогыг тооны машинаар бол 15 гээд л хариуг гаргадаг бол соробангаар бол 7 дээр 8 -ыг нэмэхээр 10-аас илүү болох ёстой гэсэн сэтгэлгээгээр дамжин хариундаа хүрэх учир сурагчийн тоо бодох чадвар, мэдрэмж байнга нэмэгдэж байдаг.

Японд “тооны хичээлд тааруухан хүүхэд соробан сураад сайн тоочин болж гэнэ ээ” гэсэн яриа их сонсогддог. Соробангаар тоо бодох үндсэн зарчим нь их энгийн байдаг учраас ямар ч хүүхэд сайн тоочин болдог билээ. Соробангаар хичээллэсэн 7, 8 настай хүүхэд олон оронтой тоог үржүүлж хуваан хариуг нь хэдхэн секундын дотор гаргаж байгааг хараад япончууд бол нэг их гайхахгүй.

Соробан нь уураг тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Хүний уураг тархи, баруун зүүн гэж хуваагдан тус тусдаа үүрэг ажиллагаагаараа ялгардаг нь тодорхой билээ. Зүүн тархи нь ярих, бичих, сэтгэн бодох, шийдвэр гаргах онолын сэтгэлгээний үүрэг гүйцэтгэдэг бол баруун тархи нь хийсвэр орон зайг мэдрэх, төсөөлөх, тооцоолох, орон зайд аливаа зүйлийг бүтээх зэрэг мэдрэмжийн чадварыг биежүүлэх үүрэг гүйцэтгэдэг билээ.

Соробангийн сургалт нь соробангаар тоо бодоод зогсохгүй тоог хармагц соробангийн эрхийг шууд л уураг тархиндаа ургуулан төсөөлж, тоогоо бодох дасгал хийж байдаг учир баруун, зүүн тархины үйл ажиллагаанд зэрэг хамаардаг сургалт билээ. Соробанг сайн эзэмшсэн хүмүүсийн туршлагаас харахад соробангаар тоо бодоход яваандаа баруун тархины үйл ажиллагаа илүү ихээр шаардагдах бөгөөд уураг тархи их л “уян зөөлөн болж” ирдэг гэнэ. Соробангаар тоо бодож чаддаг хүний хийсвэрлэх, төсөөлөн бодох чадвар эрс дээшилдэг байна. Уураг тархи “уян зөөлөн болно” гэдэг бол ямар ч шинжлэх ухаанаар, тодорхой хэлбэл, байгалийн шинжлэх ухаанаар ч, нийгмийн шинжлэх ухаанаар ч хичээллэсэн хүлээж авах байдалд орно гэсэн үг.

Нийгэм автоматчилагдахын хэрээр чадваргүй хүүхдүүд ихэсч байгаа бөгөөд соробангаар хичээллэвэл  энэ байдал тодорхой хэмжээгээр багасна. Хурууны үзүүрээ хөдөлгөн, нүдээр харж ажиглан, уураг тархиа ажиллуулан тоо бодох учраас соробан нь тооцоолох чадварыг дээшлүүлээд зогсохгүй сэтгэлгээг сайжруулах, уураг тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, хүний уураг тархийг илүү бүтээлчээр ашиглах урьдчилсан нөхцөл болох ач холбогдолтой билээ.

Мэдээллийн технологийн эрин үед ч ач холбогдлоо алдахгүй

Соробангийн эрхийг нааш цааш гүйлгэн хөдөлгөж байгаа хурууны үзүүрийн хөдөлгөөн зүйрлэх юмгүй бүтээлч үйл ажиллагаа билээ. Түүнчлэн, соробангаар тоо бодно гэдэг бол “тоог дуудаж унших”, “тоог соробанд хийн соробангийн эрхээр тоо бодох”, “тэдгээр эрхийн байрлалаар тоог бодож гарган тэмдэглэн бичих” гэх мэтийн хоорондоо холбоотой үйлдлүүд билээ.

Ийм хичээл өрнөхийн хэрээр тоо бодох чадвар нэмэгдэхийн зэрэгцээ тэмдэглэгээ, аливаа зүйлийг ялгах мэдрэмж дээшилдэг. Ингэснээрээ компьютержиж буй өнөөгийн нийгэмд “орхигдож байгаа” мэдлэгийг хүнд олгоно.

Мэдээллийн технологийн эрин үе гэгддэг өнөө үед хүн компьютергүйгээр оршин тогтнох аргагүй болжээ. Компьютерт оруулж буй тоо нь зүгээр л “тоо”, тэгэхээр, “тоо”-ны болон тооцоолох мэдрэмж эвдэгдэхийн эсрэг соробан бол “тоо”-г соробангийн хавтгай дээр дүрслүүлж, тэр “дүрс, төсөөллийг” хүний толгойд үргэлж, бодитой байлгадаг. Тийм учраас мэдрэмж сулрахгүй, тэгэхээр соробан ашиглаж чаддаг хүн тооны мэдрэмж, тооцоолох мэдрэмж сулрана гэж санаа зовохын хэрэггүй.

Монгол хүүхдүүдэд соробан
заахын ач холбогдол

Дэлхий ертөнц өөрчлөгдөн хувьсаж, хүний идэж уух, өмсөж зүүх хүртэл “хор” болж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр байгалийн гаралтай хоол хүнс, хувцас хунар нэн шаардлагатай болж ирлээ. Энэ бол хүн бүх зүйлийг шинжлэх ухаанд, машин техникт даатгаж ирсний “гай” юм. Хүн шинжлэх ухаан, хууль журам, компьютер, томъёонд хэт найдалгүй өөрийнхөө бодож сэтгэдэг “унаган ухаанаа” сэргээх, ялангуяа, бага насны хүүхдийг ямар ч шинжлэх ухаанаар хичээллэхэд бэлэн байх “байгалийн ухаантай” болгох хэрэгтэй байна. Ийм нөхцөлд Японы соробангаар хичээллэх нь тун их ач холбогдолтой гэж бодож байна.

Монголын соробангийн холбоо монгол хүүхдүүдэд соробанг зааж эхлээд байгаа бөгөөд монголчууд бид Япон улсаас зөвхөн машин техник, мөнгө төгрөг аваад байх биш япончуудын оюуны нөөцөөс өөрсдөө санаачилга гарган суралцах шаардлагатай гэж бодож байна. Угаасаа нүүдэлчин сэтгэлгээтэй, яаруу адгуу монголчууд бид сууж сурах, биеэ барих, зөв шийдвэрийг цагт нь гаргах, анхаарлаа төвлөрүүлж сурах зэрэг олон чадварыг өөртөө суулгах хэрэгтэй байгаа бөгөөд үүний тулд хүүхэд багачуудыг багаас нь соробангаар хичээллүүлэх нь маш тустай ажлын нэг болно гэж бодож байна.

Монголчууд “эрх нь гацахгүй бол эрхий минь гацдаггүй юм” гэдэг үгийг санаандгүй хэлээгүй байх. Соробангаар хичээллэж буй монгол хүүхдүүдийн дотроос олон оронтой тооны дөрвөн үйлдлийг хэдхэн агшинд бодох чадалтай хүүхдүүд төрөн гарч, соробангийн сургалт Монголын боловсролын салбарт шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн түүнчлэн сайн багш нар ч төрөн гарч ирж, яваандаа боловсролын салбарт соробангийн эзлэх байр суурийн талаар, монгол хүүхдүүдэд соробанг зааж сургахад юуг анхаарах шаардлагатай вэ, зэрэг асуудлаар судалгаа шинжилгээний ажил ч хийгдэнэ гэдэгт итгэж байна.

Read 4559 times

Leave a comment

Дээш гүйлгэх
Доош гүйлгэх