Соробан гэдэг бол монголчууды бидний хэлж заншсан сампин бөгөөд бөөрөнхий эрхийг нь нааш цааш болгон тоо боддог хэрэгсэл билээ.
Таван зуу орчим жилийн түүхийнхээ явцад Японы соробан нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх “тооцоолон бодох соёл” болтлоо хөгжин өөрчлөгдөж иржээ.
Монголчууд бидний хэлж заншаад байгаа сампин гэдэг нэр нь хятад хэлний суаньпан (“тоо бодох хавтан” гэсэн утгатай) гэдэг нэр бөгөөд япон хэлэнд ч энэхүү суаньпан гэдэг нэр сунжран дуудагдсаар соробан болж орж иржээ. Өөрөөр хэлбэл, соробан болон сампин гэдэг нь суаньпан хэмээх хятад нэрний бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар, сампин нь Хятадаас Японд таван зуугаад жилийн өмнө буюу XVI зууны эхнээс нэвтрэн орж ирсэн юм. Хятад сампин нь нэг талдаа 5 эрхтэй, нөгөө талдаа 2 эрхтэй байдаг бол япончууд энэхүү суаньпанг боловсронгуй болгон нэг талдаа 4, нөгөө талдаа 1 эрхтэй болгон өөрчилж өнөөгийн боловсронгуй соробанг бий болгосон байна. Орчин үед тооны машин, компьютер зэргийг ашигладаг болсноор хүмүүс ямар нэгэн хэмжээгээр буруу хариугаас бултах, сэтгэн бодох үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох, хүн гэдэг сэтгэдэг “амьд организм”-ын өөрөө бодож шийдэх үндсэн чадвар алдагдах гэх мэтээр хүний уураг тархины үйл ажиллагаа сульдан доройтох болсон байна. Ийм учраас Японд соробан сампингийн хичээлийг сургуулиудад сэргээн оруулах болжээ. Хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх”, “тэвчээртэй байх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад соробан асар их нөлөө үзүүлдэг. Аль болох бага наснаас нь, өөрөөр хэлбэл, эрдэм мэдлэгийн үндэс тавигдаж байгаа, насан туршийн дадал дүй төлөвшин тогтож байгаа, хүний оюун ухааны үйл ажиллагаа бүрэн тогтмолжоогүй (сэтгэн бодох чадвар уян зөөлөн) үед нь хүүхдүүдэд соробан сампинг зааж эхэлбэл тун үр дүнтэй.
Монголд 5 - 15 насны хүүхдэд соробанг заах нь зохимжтой гэж бид үзэж байна. Насанд хүрэгсэд ч, ялангуяа 50-иас дээш насныхан соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай. Япончуудын хэрэглэдэг уламжлалт соробангийн овор хэмжээ нь боломжийн доод хязгаарт тулгасан жижиг байдаг, эрхүүд нь ч жижигхэн. Соробан сампингийн жижиг эрхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөн тоо бодох нь уураг тархинд сайнаар нөлөөлдөг, хуруу гарын мэдрэмжээр дамжуулан уураг тархины эд эсийн үйл ажиллагаа сульдах, ой ухаан доройтон муудахаас сэргийлдэг билээ.
Соробангаар хичээллэхийн ач холбогдол
Хүүхэд залуус оновчтой сургалтын хөтөлбөрөөр, зөв хичээллэх юм бол:
Жишээ нь: аливаа шийдвэрийг зохих цагт нь гаргаж чаддаг болно, соробангаар хичээллэсэн хүүхэд уураг тархи нь “уян, зөөлөн” болж, тэр нь аливаа шинжлэх ухаанаар хичээллэх сэтгэлгээний хөрс болох буюу өөр бусад шинжлэх ухаан руу шилжин хөрвөх чадварыг эзэмшинэ, гэх мэтээр олон талын ач холбогдолтой билээ.